Украины армид зүтгэж байсан орос эхнэр, нөхөр хоёр Литва улсаас орогнол хүсэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-27
Украинд амьдарч, Оросын түрэмгийллийг идэвхтэй эсэргүүцэж ирсэн орос эхнэр, нөхөр хоёр Украины цэргийнхэнд мэдээлэгчээр ажиллаж байсан нь илэрч Литва улсаас орогнол хүссэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр 55 настай нөхөр Сергей Воронков, 52 настай эхнэр Татьяна Воронков нар 2014 онд Украины Крымийн хойгийг Орос улс хүчээр эзлэх үед Оросоос гарч Украинд ирж суурьшсан байна. Ингээд Запорожье мужийн нэгэн жижиг тосгонд суурьшин амьдарч байтал 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу халдан довтолжээ. Украин үндэстэн Татьяна Киевт амьдардаг танилаараа дамжуулан Украины тагнуулын албатай холбогдож, тэдний хүсэлтээр Оросын цэргүүдийн байршил, техник хэрэгслийн бүрэлдэхүүн зэрэг өөрийн олж мэдсэн чухал мэдээллийг дамжуулах болсон байна. Украины арми ч энэ мэдээлэлд үндэслэн Оросын армид нисгэгчгүй онгоц, их бууны цохилтоор их хэмжээний хохирол учруулж байсан гэж Татьяна ярьжээ. Нөхөр Сергей нь Зөвлөлтийн армид алба хааж байхдаа геодезийн зурагзүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд энэ чадвараа ашиглан Оросын цэрэгтэй холбоотой зурагзүйн мэдээллүүдийг цуглуулж, “Telegram”-аар дамжуулан Украины армид илгээх болсон байна. Гэтэл 2024 онд Сергей гадуур явж байгаад ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнуудад баривчлагдан сар гаруйн хугацаанд хүнд эрүү шүүлтэд орж, аргагүйн эрхэнд үнэнээ хүлээжээ. Хамгийн хачирхалтай нь Сергейг хэргээ хүлээснээс хойш хоёр хоногийн дараа түүний паспорт болон иргэний үнэмлэхийг аваад суллаж явуулжээ. Тэр яагаад суллагдсанаа одоо болтол мэдэхгүй байна. Оросууд эзэлж авсан нутаг дэвсгэртээ хүмүүсийг ямар ч үндэслэл, журамгүйгээр баривчлах, суллах тохиолдол цөөнгүй байдаг гэж ВВС мэдээлэв. Үүний дараа эхнэр, нөхөр хоёр өөр улс руу дүрвэж гарахаар шийдсэн ч нөхөрт нь паспорт байхгүй, шинэ паспорт авахын тулд Орост очих ёстой болжээ. Тэд машинаар Орос руу амжилттай нэвтэрсэн ч паспорт нь гарч өгөхгүй байв. Тэд Оросоос яаралтай гарах шаардлагатай байсан тул хуурамч паспорт ашиглан гарах гэж оролдсон ч Беларусь-Литвагийн хил дээр саатуулагджээ. Ямартай ч ОХУ-аас амжилттай зугтаж чадсан хосууд Европын холбооны гишүүн, Украины ойрын холбоотон Литва улсаас орогнол хүсэж, одоо түр хоргодох байранд сууж байна. Украины Засгийн газар тэдний хүсэлтийг дэмжихээ илэрхийлсэн тухай ВВС мэдээлэв. Татьяна ВВС-д өгсөн ярилцлагадаа “Оросын иргэн мөртлөө Украины армитай хамтран ажиллаж байснаа эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхгүй байна. Бид Оросын эсрэг биш Орос орныг эзэгнэж буй бузар муугийн эсрэг тэмцсэн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.